| Буг болсон хулгайч, хар санаат харамч хоёрын паян | ||||
|
| Уншихыг хориглоно | |||
|
Маргааш өглөө нь харин хэрэг мандах нь тэр. Зарж үрэх нь бүү хэл идэшиндээ ч хэрэглэж зүрхэлдэггүй хэдэн сайхан эр хонь нь алга болчихсон байжээ. Гочоосүрэнгээс зайлахгүй боллоо, тэр л урьд шөнө ялгаж аваад туучихлаа, даанч хонины бэлчээрт тааралдахдаа “Энэ хэдэн эр хонио идэж, зарж үрж чадахгүй жамаар нь үхүүлэх нь дээ чи” гэж шүлсээ гоожуулаад байсан юм. Тэгээд л өнгөрдөг шөнө манай хот руу гэтсэн байх нь гэж хар санасан Даш даруйхан мордож Сэртэнгийн нуруунд зусч байгаа Гочоосүрэнгийнх руу давхижээ. Хүн шиг ярьж хөөрөөд хэргээ хүлээж хэдэн хонийг минь өгөхгүй бол зохих газарт нь бариулж шоронд нь явуулж орхино доо, шоронгоор олон жил гэр хийсэн тэр новш байвал таарах газраа очиг хэмээн занаж явсаар тэднийд буужээ. Гэрт ортол эхнэр нь хэдэн хүүхэдтэйгээ байх бөгөөд Гочоосүрэнгийн зургийг хоймрын авдар дээр бурханыхаа хажууд байрлуулан тавиад өмнө нь зул өргөж асаачихсан байжээ. Даш гайхахын дээдээр гайхахын сацуу дотроо бас хар санаалж “Хулгайчийн арга бүр нарийсчээ. Намайг ирж явааг дурандаж харчихаад ийм юм сэдэж өөрөө зугтчихлаа. Дараа учрахгүй улаан нүүр байгаа биш дээ” гэж бодож суужээ. Гэвч хар санаа, харамч нарийнаараа алдартай түүний бодол андуу байлаа. Үнэхээр Гочоосүрэн өөд болоод долоо хоног өнгөрсөн байжээ. Ажил явдалд нь оролцсон хүмүүс нь яваад бэлэвсэрч хоцорсон эхнэр нь хүүхдүүдтэйгээ гэртээ байсан нь тэр юмсанжээ. Харин энэхүү таагүй явдлыг Даш сонсч мэдээгүй явж л дээ. Гэвч өөд болоод долоо хоног болж байгаа хүн хоттой хонин дотор нь зогсч байсаныг санаад Даш алмайрч орхижээ. Урд шөнийн харсан зүйлээ эхнэрт нь ямар хэлэлтэй биш гашуудсан дүр эсгэж жаал суугаад тэднийхээс гарчээ. Дашид Гочоосүрэнгийн үхэл сонин биш харин хэдэн сайхан эр хонь нь чухам яагаад алга болсон нь л чухал байлаа. Гэтэл түүнийг гэртээ харих замд “булцруу” Готов хэмээх эр дайралдаж мэнд усаа мэдэлцэнгээ “Хүйтэний хөндийд танай хэдэн эр хонь байхаар нь гэр рүү чинь тууж хүргэх санаатай хөөх гээд арга ядчихлаа. Ерөөсөө урагш гишгэхгүй мал юмаа, тэндээ зуларч хорогдоод болдоггүй. Тэгэхээр нь орхичихоод явж байтал ашгүй чи таарлаа” хэмээн өгүүлжээ. Даш энэ үгийг сонсоод “Тийм байх даа. Муу булцруу өөрөө хулгайлчихаад сайн хүн болж жүжиглээд байгаа юм биш биз” гэж хар санаалсанаа арай л хэлчихэлгүй хэлээ хазаад өнгөрчээ. Чингээд түүнээс салж Хүйтэний хөндийд давхиж иртэл үнэхээр хэдэн хонь нь өвс ногоо зулгаасан шиг тааваараа байж байна гэнэ. Хэдэн эр хонио мэнд олсон Дашийн магнай тэнийж туух гэж оролдсон ч урдаас нь хүн буцааж хөөгөөд байгаа аятай эргэж зулраад болохгүй байжээ. Гэтэл Дашийн нүдний үзүүрт дээлийн хормойгоо шуучихсан нэгэн хүн хонины нь урдуур гүйгээд байгаа нь зэрвэсхийн харагдаад алга болчихож. Халуун наранд цохигдоод элий балай болж хоосон зүйл харах нь энэ үү, хүн үнэхээр мөн байсан бол энэ хөндийд хаашаа алга болох билээ гэж бодсон тэрбээр нэг хэсэг амарч тамхи татаад дахин хонио туух гэж оролдож эхэлсэн аж. Гэвч тэрээр наранд цохиулж ухаан санаа нь ээдрээгүй байлаа. Нүдэнд нь нөгөө хүн дахин дахин харагджээ. Тэр ч байтугай Дашийн толгой дундуур сураар ороолгоод явах шиг болж морь нь хамраа тачигнуулаад сүйд болжээ. Хонины нь өмнүүр орж буцааж хөөгөөд байгаа хүн өөд болооч Гочоосүрэн дүрээрээ мөн байлаа. Босоо ороолонтой ингэж улаан нүүрээрээ халз тулгарна гэж зүүдлээ ч үгүй явсан Дашийг хэрхэхээ мэдэхгүй алмайрч байх зуур Гочоосүрэн хэдэн хонийг нь хөөгөөд холгүй явчихсан байлаа. Сэхээ орсон Даш араас нь давхиж хүрээд хониныхоо урдуур орж гэдрэг нь туух гэж хөөж гарчээ. Чингэх зуураа энэ үхээрийн сүгнээс айна гэж юу байхав хэмээн өөрийгөө тайтгаруулж байсан аж. Тэгтэл Гочоосүрэн хүний бус аймшигт хоолойгоор бахиран орилж дээлээ урж тасдан цамнаж улмаар нүцгэн цээжнийхээ мах арьсыг тасчин ил гарсан хавиргануудаа сугалан аваад Даш руу шидэлж гарчээ. Үзээгүйгээ үзсэн Даш хаашаа ч хамаагүй давхин одох гэсэн боловч дороо эргэлдээд хөдөлж өгсөнгүй. Нэг л мэдэхэд тэрбээр мориноосоо буучихсан явган гүйж байгаагаа анзаарчээ. Хичнээн ч гүйсэн юм бүү мэд, буг болсон Гочоосүрэнгээс л лав холдсон байлаа. Амьсгаагаа дарж хэсэг зуур зогссоноо өврөө тэмтчин байж дурангаа гаргаж ирээд аймшигт үзэгдэл болсон газар руугаа дуранджээ. Тэгсэн буг болсон Гочоосүрэн хэдэн хонийг нь туусаар өөрийнх нь зүг рүү ирж яваа харагджээ. Би чинь юугаа хараад байна даа гэж бодохоос үстэй толгой нь өрвийж байсан ч тэр яг улаан зам дээр нь зогсч байгаагаа гэнэт ухааран өөр тийш харайлгажээ. Гэтэл хэдийдээ ч гүйцээд ирчихсэн юм, Гочоосүрэн морийг нь уначихсан хэдэн хонийг нь туусаар Дашийн дэргэд юу ч болоогүй юм шиг явж байжээ. Урж тасдаад сугалж шидээд байсан мах арьс, хавирга сүвэргэ нь ч бүрэн бүтэн болчихсон байж. Энэ зуур Даш талийгаач Гочоосүрэнг оршуулсан гэх газрын зүг гүйж явсанаа ойлгожээ. Эхнэр нь түүнд нөхрөө хөдөөлүүлсэн газрыг хэлж өгсөн байж л дээ. Дашийг ямар ад нь хатгасан юм “Хөөе Гочоо чи миний хэдэн хонийг авсныхаа нүхэнд багтаагаад хийчихэж чадахгүй байж юундаа ингэж шуналтаад байгаа юм бэ” хэмээн цахиртуулан хашгираад гүйж очин мориныхоо цулбуураас чангааж Гочоосүрэнг мориноосоо унагаах гэж түлхтэл гарт нь юу ч мэдэгдсэнгүй. Хий хоосон дүрс юм чинь тээглэж саад болохгүй, мориндоо мордоод явъя гэсэн бодол зурсхийн орж ирүүт ганц ухасхийгээд мориндоо мордоод авсан биш бүр баларчээ. Гочоосүрэн ямар нэг хүчээр түүнийг түлхэн газарт унагаад зогсохгүй хэдэн хонийг нь туун цааш одсон байна. Даш хичнээн эсэргүүцэж махарч хөөгөөд Гочоосүрэнгээс хонио салгаж дөнгөсөнгүй. Буг чөтгөрөөс хонио заавал авна даа гэж шүд зуусан Даш мөчөөгөө өгөхгүй хонио тал талаас нь хөөн шахсаар байжээ. Иймэрхүү байдалтай хөөцөлдсөөр хэдий хэр хугацаа өнгөрсөнийг Даш мэдсэнгүй. “За чи чинь яагаад л мунгинаад байна даа” гэсэн хүний дуунаар сэхээ орвол саахалтын нь Жамц хажууд нь ирчихсэн байж байх нь тэр. “Цаана чинь Гочоосүрэн буг болчихоод намайг ёстой тамлаж байна” хэмээн Дашийг өгүүтэл Жамц учиргүй инээж хаана байна, тэр буг гэж шоолоод салсангүй. Үнэхээр ч Гочоосүрэн ойр хавьд нь үзэгдэхгүй болсон байжээ. Ингээд Жамцтай хамт хонио туусаар гэртээ ирсэн юмсанж. Өөрт нь тохиолдсон үйл явдлаас сэжиглэсэн Даш хамаатныхаа нэгэн ламд үзүүлвэл “Талийгаачийн сүнс танай эр хонинуудад хоргодсон байна. Тэгээд ч амьддаа хулгайлах санаа өвөрлөж байгаад амжаагүй өөд болжээ. Тэгэхээр чи энэ хэдэн хонио тууж өөд болоочийн булшин дээр очоод бүтэн өдөр өнжүүлж санааг нь амраа. Эс тэгвээс дахин ирэх юм байна” гэж айлджээ. Ламын хэлсэнийг Даш ёсчлон биелүүлэхээр Гочоосүрэнгийн булшин дээр хонио тууж хүргээд өөрөө зайдуухан газраас ажиглаж байсан аж. Тэгтэл булшнаас аргалын утаа шиг саарал суунаглан босч байсанаа Гочоосүрэн цогцосыг нь ороосон цагаан даавуутайгаа тодрон гарч иржээ. Тэр нягт ороосон даавуугаа тайлж хөврүүлээд чармай нүцгэрч хонины нь наагуур цаагуур их л баясгалантай гүйжээ. Тэгсэнээ гэнэт уруу дорой царайлан ойролцоох хадан дээр очиж суугаад “Би энэ хониор одоо яах ч юм билээ” гэж нэгэнтээ хашгираад хад чулуу цуурайттал цурхиран уйлжээ. Тэр хэсэг уйлж суусаныхаа дараа босч хэдэн эр хонийг нь булшнаасаа холдуулан туучихаад эргэж ирэн хөдөөний даруухан булшиндаа шингэж орсон аж. Энэ бүхнийг холоос ажиглаж суусан Дашийн санаа сая нэг амарч хонио туусаар гэртээ харьжээ. Гэхдээ тэр буг чөтгөрийн салхи орчихсон юмаар яахав хэмээгээд нөгөө хэдэн эр хонио зэргэлдээ сумынхаа хүнд худалдаж орхисон ажээ. Хар санаа, харамч нарийнаараа алдартай Даш, буг болсон хулгайч Гочоосүрэн хоёрын паян ингэж өндөрлөсөн юмсанжээ. Тэр цагаас хойш Даш аливааг харамлах сэтгэлээ бага боловч засч залруулсан байна. /Элдэв явдал/
Сэтгэгдэлүүд (1)
![]() Сэтгэгдэл бичих
|




Хоттой хонь нь шуугилдаж хуйлрах чимээнээр Даш дээлээ нөмрөн гарч харвал хотон дотор нь мал хулгайлдагаараа зард гарсан Гочоосүрэн зогсч байгаа нь сарны гэрэлд тодхон харагдаад хаашаа ч юм харайлгаад алга болчихжээ.


