|
Дуучин Б.Баярцэцэг "ТВ5" телевизээс зохион байгуулж буй "Ододтой бүжиглэв" тэмцээнд оролцож байгаа билээ. Тэрбээр энэхүү шоунд оролцогчдоос хамгийн бага оноотой яваа ч сэтгэлээр унасангүй. Ингээд түүнтэй бүжгийн бэлтгэлээ хийж байх үед нь уулзаж ярилцсанаа хүргэе.
-Дуу. бүжиг хоёрыг харьцуулбал аль нь илүү их хөдөлмөр шаардсан ажил шиг санагдаж байна вэ? -Хоёулаа адил. Бүжиг их бэлддэг. Өвчнийг их тэсэх хэрэгтэй болдог юм байна. Дуулахад хоолой жаахан ядрахаас өөр асуудал байхгүй шүү дээ. Харин бүжгийн бэлтгэлийн явцад хөл, гараа их гэмтээсэн. Харин адилхан зүйл нь юу вэ гэвэл дуу, бүжгийг дотроосоо, сэтгэлээсээ хийж байгаа нь төстэй. -Тэгэхлээр та тэвчээртэй байх нь ээ? -Тэвчээртэй болчихсон. Бүжгийн тэмцээнд хоцорч орсон болохоор хурдан хугацаанд самбо, танго гээд хамгийн хэцүү бүжгийг сурах хэрэгтэй болсон. Эхний өдөр зүүн хөлийнхөө гуяны хэсгийг гэмтээсэн. Тэгээд Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтээд хөлөө чирж явдаг байлаа. Гэтэл дараа нь"Нюанс" хамтлагийн Амараа ах нуруугаа үүрчихсэн явж байсан. Нуруундаа юм оруулчихсан юм билээ. Бид хоёр хамт эмчилгээнд явдаг байв. Дараа нь бүжгийн бэлтгэл хийх гээд хөлөө дээш өргөх, сунгах гээд шөрмөсөө гэмтээж байлаа. Одоо хэр нь миний хөл гипсдэх хэмжээнд байгаа. Тэгээд ямар ч зав байхгүй. Орой нь хавдангуут өтгөн хар цай, тэмээний унгасаар шавшиж ороогоод хавдрыг нь буулгаад өглөө нь гарна. Иймэрхүү байдалтай өдөр хоногийг аргацааж байгаа. -Бүжигт хөдөлгөөний эвсэл шаарддаг байх? -Ер нь аливаа юманд мэдрэмж хэрэгтэй юм билээ. Хатуу биетэй, эвсэл муутай хүн хөдөлгөөнийг гүйцэд, гоё хийдэггүй. Би бүжгийн спортод их дуртай. Цаашид ямар нэгэн байдлаар хичээллэнэ. Гэхдээ тамирчин болтлоо явахгүй. Нэг талаар "ТВ5" телевизээс зохион байгуулж буй тэмцээнд оролцсоноор богино хугацаанд их зүйлийг сурах боломж надад олдсон. -Нийтдээ хичнээн бүжиг сураад байна вэ? -Арван бүжгийн ард гарчихлаа шүү. -Бүжгийг ямар хугацаанд сурч байна вэ? -”ТВ5” телевизээс гурав хоног өгдөг. Ер нь нэг бүжгийг 5-6 цагийн хооронд сурч байна. Яагаад гэхээр хоёр хоногт нь аяаа монтажилж, хувцсаа бэлддэг. Тэгэхлээр бид хурдан хугацаанд, цаг зав гаргаж, зүрх сэтгэлээ зориулж бүжгээ сурдаг шүү. -Ер нь таны уран бүтээл уянгын талдаа байдаг? -Өнөөдрийг хүртэл би гурван цомог гаргасан. Миний өөрийн хувийн уран бүтээл гэвэл 70,80-аад дуу бий. Тэгсэн хэрнээ уянгын дуу нь хүнд арай илүү хүрээд байдгийг нь гайхдаг шүү. Мөн киноны дуу сонсогчдод их хүрдэг. -Өнгөрсөн, одоо, ирээдүй цагаар өөрийгөө дүгнэвэл? -Би бага байхдаа юм болгонд гүйдэг хүүхэд байсан. Одоогийнх шигээ дуулж, бүжиглэдэг, хөгжим тоглодог юм юм оролддог. СУИС-ийг 2003 онд төгслөө. Миний бодлоор өнгөрсөн цагийн Баярцэцэг "арай эрт олны танил болох, их юм хийх ёстой байсан. Хий дэмий цаг өнгөрөөсөн байна даа" гэж харамсдаг байв. Гэтэл аливаа юманд цаг хугацаа гэж байдаг. Түүнийг хүлээх хэрэгтэй. Тийм учраас цаг нь болоогүй зүйлд яарч, юу ч хийгээгүй байж тэгтлээ тэмүүлэх хэрэггүй гэдгийг ойлгосон. Харин одоо бол өнгөрсөн үедээ харамсдаггүй. -Тэгвэл ирээдүйн Баярцэцэгийн хувьд? -Том мөрөөдөлтэй. Хязгааргүй том мөрөөдлийнхөө хэмжээгээр тодорхой ажил хийдэг. Үүнээс гадна сурахыг их хүсдэг. Удахгүй нэг жилийн хугацаатай гадагшаа сурахаар явах гэж байгаа. Урьд нь сурч байгаад ажлын шаардлагаар орхиод ирсэн юм. Ямар ч байсан өөрөө чадвартай байж мөрөөдөлдөө хүрэх хэрэгтэй. -Хувь хүнийхээ хувьд та өөрийгөө их хөгжүүлэх юм аа? -Хөгжүүлэхийг ч хүсдэг. Орос, англи хэлээр сайн ярьдаг. Гэртээ зүгээр суугаад байхыг хүсдэггүй, хятад хэл судалж байгаа. Мэргэжил маань намайг зайлшгүй сурах ёстой шаардлага тавьдаг. Мөн франц хэлийг судалж байгаа. Франц хэл англи хэлийг бодвол харьцангуй хөнгөн санагдсан. -Амралтаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Амралтын өдрийг гэртээ ганцаар өнгөрөөх дургүй. Дор хаяж хоёр хүнтэй утсаар ажлын талаар ярина. Яагаад гэхээр хайран цаг зүгээр өнгөрөөд байгаа юм шиг санагддаг. -Өнөөгийн монголын залуус таны нүдэнд ямар харагдаж байна вэ? -Надад бахархалтай санагддаг. Залуус хүссэн зүйлээ хийж байна. Монгол гэсэн эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад явж байгаа сайхан залуу олон байна. Сул тал гэхээсээ илүү сайн тал нь их байдаг. -Тантай ярилцаж байхад их энгийн юмаа? -Миний хувьд аливаа юманд хурдан дасдаг нийтэч зантай. Болж өгвөл энгийн тайван амьдралыг хүсдэг. -Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд вэ? -Өнөр өтгөн гэр бүлээс гаралтай. Эхээс долуулаа. Би айлын дундах хүүхэд, их азтай хүн. Ах, эгч, дүү, аав, ээж гээд бүгд надад бий. -Хувь хүний төлөвшил гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалдаг байх? -Тийм шүү. Хүний төлөвшил гэдэг гэр бүлийн хүмүүжлээс шууд хамааралтай юм шиг санагддаг. Манай аав над шиг ч гэх юм уу, би аав шигээ ч юм уу. /инээв/ Харин манай ээж дэндүү тэвчээртэй. Би бүүр гайхдаг. Долоон хүүхэдтэй хэрнээ нэг ч удаа уурлаж үзээгүй. Ер нь уураа ил гаргадаггүй. Харин дуугүй болчихно. Тэрнээс нь бид их айдаг. Бас их ухаантай. Миний аав, ээж гайхалтай хүмүүс шүү. Манай дүү нар бүгдээрээ том хэрнээ надаас айдаг. Миний үг бол хууль байдаг. Ямар ч байсан эгчийнхээ үгэнд сайн ордог. -Та урт үстэй байсан. Яагаад тайруулсан юм бэ? -Харин тийм ээ. Нэг өдөр үсчин Одноо эгч дээр очтол миний үсийг ийм жижиг болгочихсон. Дараа нь өөрөө хүсээд үсээ урт болгосон. Тайрсан үсээ буцааж залгаад. -Тийм үү. Тайрсан үсээ буцааж залгах ямар санагдаж байна вэ? -Гоё, сонирхолтой байсан. Хүмүүс харж гайхаад л "Баяраа үс чинь ямар хурдан ургадаг юм бэ" гэдэг байсан. Одоо үсээ ургуулах гээд гүрийж байгаа. Хүмүүс ч урт үс чамд зохидог гэж хэлдэг. -Таныг их хөдөлмөрч гэж ойлголоо. Тэгэхлээр их хөдөлмөрлөхийн тулд эрч хүчтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэр эрч хүчийг юунаас олж авдаг вэ? -Хөгжимнөөс. Хөгжим сонсч их кайф авдаг. Чимээгүй орчинд нүдээ дарж байгаад хөгжмөө сонсдог. Жишээлбэл, бүжгийн бэлтгэл дээр үхтлээ ядардаг. Хөл, гap ямар ч тэнхээгүй болдог. Түүний дараа гэртээ хариад аяаа тавиад, хэсэг хэвтдэг. Тэгээд л шал өөр болно шүү дээ. Үүнээс гадна гэр бүл, найз нөхөд байна. Жаахан ядарвал гэр бүлтэйгээ өнгөрөөнө. Ерөнхийдөө уйтгарлаж суудаггүй. Зав ч байхгүй. -Голдуу уянгын дуу сонсох дуртай юу? -Ер нь бүх стилийн дууг сонсох дуртай. Харин хэтэрхий хүнд рокыг сонсдоггүй. Ойлгоход хэцүү. Харин хөнгөн рок болон альтернатив чиглэлийг сонсох дуртай. -Саяхан "Классик жем" хамтлаг дууны стиль, имиж болон өөрсдийн имижийг тодорхой хэмжээгээр эвдээд шинэ дуу гаргасан байсан. Таны хувьд стиль имижээ өөрчлөх бодол бий юу? -Стиль имижийг гадаад төрхөөр тодорхойлно гэж бодохгүй байна. Миний шинэ гарч байгаа амьд хөгжмийн цомог өөр. Монголын хөгжмийн урлагт байгаагүй өөр стилээр дуулж эхэлж байгаа. Гэхдээ миний хоолойны онцлогт тохирсон. Надад зориулсан бүтээл учраас тэс өөр юм биш. Гэхдээ цомгийг маань сонсоод ойлгох байх. -Та яриандаа том мөрөөдөл байгаа гэж байсан. Мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу? -Би мөрөөдлөө ярьдаггүй. Хоёрдугаарт, урлагийн салбарт хүч сорьж байна. Хэдэн жил дуулахаа мэдэхгүй. Дуучин хүний оргил үе нь богинохон байдаг. Энэ хугацаанд л урлагийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтой байдаг. -Дуучин, бүжигчин, хөгжимчин гээд олон талын авьяастай хүн дахин өөр сал-барт хүч сорьё гэж боддог уу? -Сайн хэлж мэдэхгүй байна. Дахин юу руу ч орж магадгүй. -Магадгүй гэхээр чинь өөр сонирхдог зүйл байх нь ээ? -Одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би усан спортод их дуртай. Усан спортоор ч хичээллэдэг. Бас нэг өдөр шоунд орох уу гэвэл орж магадгүй л байх. /инээв/. -Таны хувьд өрсөлдөгч гэж бий юу. Ялангуяа урлагийн хүн өрсөлдөгчгүй бол хөгжихгүй байх? -Ямар ч тохиолдолд хүнтэй өрсөлддөггүй. Бүжгийн шоунд орсон ч гэсэн хэн нэгэнтэй өрсөлдөхгүй байгаа. Зөвхөн юм суръя гэсэн бодолтой л орсон. Бага оноо авчихлаа гэж анхаарлаа хандуулдаггүй. Түүнийхээ оронд бүжгээ бодоод өөр юм хийж байсан нь надад хэрэгтэй. Урлагийн хүн болохоор зөвхөн урагшаа хараад л явдаг. Баярцэцэг гэдэг тусдаа хүн учраас ямар нэгэн зүйлд сэтгэл санаагаа зовоодоггүй. -Эмэгтэй хүний хувьд эрхэмлэж явдаг зүйл байдаг уу? -Байлгүй яах вэ. Хүнлэг байхыг эрхэмлэдэг. Бодож явдаг олон зүйл бий дээ. -Танд атаархал төрдөг үү? -Байхгүй. Баяраа чигээрээ өөрийнхөө замаар л явдаг. Амьдралд хэн нэгэнд атаархах үе гарч байгаагүй юм байна. Жишээлбэл, тоглолтод ч юм уу шоунд оролцоод өөрөө өөртөө бухимдах явдал гардаг. Ийм амархан юмыг чадсангүй гээд тухайн үед уйлахаар хүмүүс буруу ойлгочихдог. -Ер нь багын их завгүй хүүхэд байсан уу? -Бие даахыг их хүсдэг байсан. Оюутан байхдаа гэрийн үйлчлэгч хүртэл хийж байв. Багадаа аав, ээждээ нэмэр болохыг л их хүсдэг байлаа. Ажилгүй байна гэсэн ойлголт байдаггүй. Миний хамгийн анхны ажил гэвэл Москвад гурван cap суралцаж байхад шинэ жилийн баярт уригдан дуулж байсан юм. Бидний ярьдгаар халтуур гэх юм уу даа. 2000 он байсан. Баахан англи дуу дуулаад 50 мянган төгрөг авч байлаа. Тэр нь хамгийн анхны цалин байсан шүү. -Таны амьдралдаа хийж байсан хамгийн зоригтой алхам гэвэл юуг хэлэх вэ? -Олон зүйл бий дээ. Бүжгийн шоу нэгэнд нь орно шүү. Олон зүйлийг л би чадна гэж зориглож хийдэг. Мөн ямар нэгэн шүүмжээс айсан. Гэхдээ би тоогоогүй. Яагаад гэхээр өөртөө оруулж байгаа бас нэг хөрөнгө оруулалт. Харин шүүгчдээс айгаагүй. Шүүмж надад хэрэгтэй байсан. -Хоёулаа яриагаа шинэ жил рүү хазайлгая. Шинэ он гарах дөхөж байна. Шинэ жилийн талаар ярья? -Олон жилийн мөрөөдөл бий. Шинэ жилийн тухай дуу хийх. Хамгийн гол нь хүмүүсийг байлдан дагуулдаг биш. Бүтээл талаас нь. Жишээлбэл, том арга хэмжээ ямар ч баярын цэнгүүн дээр тэр дуу минь явдаг байгаасай. Ардаа хүүхдийн хоор, оркестортой. Энэ дуугаа энэ жил хийх гэж байгаа. Ая нь гарчихсан. Цасны охин гээд хөөрхөн нэртэй. Ямар ч байсан дуугаа шинэ онтой уралдуулаад гаргана. Мөн “Ганцхан тэврэе" гээд хайрын тухай дуу бий. Энэ нь бидний хэн хэнийх нь амьдралд тохиолддог чухал асуудлыг хөндсөн. -Шинэ жилийн даашинз хэр их байдаг вэ? -Шинэ жилийн даашинз гэж зориулалтын зүйл байдаггүй. Энэ жилийн хувьд бүжгийн тэмцээндээ зориулж 10 гаруй даашинз захиалгаар оёуллаа. -Нэг зүйлийг асуумаар санагдаад байдаг юм. Тоглолт болон клипны зураг авалтын үед олон даашинз, хувцас сольж өмсч байдаг шүү дээ. Тэднийгээ дахин өмсөх нь ховор. Тэгэхлээр тэднийгээ яадаг вэ? -Олон өмсөх боломж байдаггүй. Надад том хүрэн чемодан байдаг. Одоо бүжгийн хувцаснуудаа хийчихсэн чинь багтахгүй болчихсон. Тэднийг яах юм бүү мэд. -Гоёл чимэглэл их байдаг уу? -Тийм их байхгүй. Авах бодолтой л байгаа. -Алжаалаа хэрхэн тайлдаг вэ? -Хөдөө явах дуртай. Салхинд гарч, уул хаданд авирах нь хамгийн гоё. Ерөнхийдөө хотоос гарах дуртай. -Таны амжилт өндөр уулын оргилд байна гэвэл та тэр уулын хаана нь явж байгаа бол? -Хаана нь явж байгаа юм бол. /бодолхийлснээ/ Бэлд нь л явж байгаа байх даа. Яагаад гэвэл надад хийх ажил олон бий. -Өөрийгөө зоригжуулдаг ямар нэг үг байдаг уу? -Байлгүй яах вэ. Утсаа нээгээд, хаахад "Урагшаа, бүү шантар" гэсэн бичиг байдаг. Т.Дашмаа Нийгмийн толь
|